“АЛТАН ҮЗЭГ” НААДМААС ЗАРЛАСАН АНХНЫ ТӨСӨЛД ХИС-ИЙН ХОЁРДУГААР АНГИЙН ОЮУТНУУД ШАЛГАРАВ
ХИС–ийн Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхимээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оюутны шилдэг бүтээл шалгаруулах сэтгүүл зүйн “Алтан үзэг” улсын наадмын шагнал гардуулах ёслол энэ сарын 11-нд болж өндөрлөлөө. Сэтгүүл зүйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг 10 гаруй их, дээд сургуулиудын оюутан залуус телевизийн нэвтрүүлэг, радио нэвтрүүлэг, нийгмийн реклам, нийтлэл, мультимедиа гэсэн 5 төрөлд бүтээлээ ирүүлж, ур чадвараараа өрсөлддөг билээ.
Уралдаан ирээдүйн чадварлаг сэтгүүлчдийг бэлтгэх, тэдний авьяас чадварыг нээн илрүүлж, дуу хоолойг нь олон нийтэд хүргэх зорилготой. 11 дэх жилдээ зохион байгуулагдаж буй энэ удаагийн “Алтан үзэг” наадамд долоон сургуулийн нийт 400 гаруй оюутан 202 бүтээлээ ирүүлсэн юм. Нийтлэлийн төрөлд нийт 118, нийгмийн рекламын төрөлд 25, телевизийн нэвтрүүлгийн төрөлд 21, радио нэвтрүүлгийн төрөлд 24, мультимедиа нийтлэлийн төрөлд 14 бүтээл ирсэн байна.
Жил ирэх тусам өргөжин тэлж буй Алтан үзэг наадмыг жил бүр МУИС, МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимтэй хамтран зохион байгуулдаг. Түүнчлэн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс, Хууль эрх зүйн хэлтэс нийслэлийн иргэдийг соёлжуулах, хууль, эрх зүйн боловсролыг нэмэгдүүлэх, олон нийтийн сүлжээнд эерэг хандлага бий болгох зорилготойгоор залуу сэтгүүлчдийг дэмжих чиглэлээр хамтран ажиллаж байна. Энэ жил Монголын Манлайлагчдын Санаачилгыг Дэмжих төв оюутнуудыг дэмжих зорилгоор төслийн уралдаан зарлаж тэтгэлэг олголоо.
Наадмын Гран При шагналыг РТМУС-ийн Сэтгүүлчийн ангийн “Вивид” баг “Чимээгүй хүчирхийлэл” телевизийн нэвтрүүлгийн төрлөөр эзэлсэн. Энэхүү төрлийн нэгдүгээр байранд ХИС-ийн Сэтгүүл зүйн V курсын “Гэрэгэ” багийн “Спортын сэтгэл зүй” нэвтрүүлэг, дэд байранд МУБИС-ийн “Гэгээ” баг “Амьдрал үргэлжилсээр…” бүтээлээрээ, харин гуравдугаар байранд МУИС-ийн оюутан М.Пүрэвдорж, У.Элбэгзаяа нарын “Love is love” бүтээл шалгарчээ.
Харин радио нэвтрүүлгийн төрлийн тэргүүн байранд МУБИС-ийн оюутан “Фокус” баг “Хайр юунаас эхлэдэг вэ?” бүтээлээрээ эзэлсэн. Дэд байранд РТМУС-ийн оюутан Ш.Ариунзаяагийн “Миний дургүй зочид” бүтээл, гуравдугаар байранд мөн сургуулийн “Хөсөн” продакшны “Алтан загас” бүтээл тус тус тодорчээ. Эдгээр нэвтрүүлгүүд МҮОНР-ийн нэвтэрч олны хүртээл болох юм.
Мөн мультимедиа бүтээлийн төрөлд МУИС-ийн “Хүчит” баг “Хүчитбаатар хүүгийн теле болон танхимын хичээл” бүтээлээрээ нэгдүгээр байр, хоёрдугаар байранд тус сургуулийн “Young journalists” баг “Мөнгөний дараагийн хувьсал Криптовалют” бүтээл, гуравдугаар байранд ХИС-ийн Сэтгүүлчийн 4-р ангийн оюутан Б.Халиун”Бид яагаад урлагтай ойр байх хэрэгтэй вэ” бүтээл тэргүүллээ.
Нийгмийн рекламын төрлийн тэргүүн байранд ХИС-ийн “Гэрэгэ” багийн “Violence” “ бүтээл шалгарсан. Дэд байрын шагналыг МУИС-ийн “Sky castle” багийн “Би төөрчихлөө” бүтээл эзэлсэн бол ХИС-ийн “DoubleDz” багийн “Fomo” бүтээл гуравдугаар байрын эзэн болжээ.
Жил бүр оюутнуудын хамгийн их бүтээл ирүүлдэг нийтлэлийн төрөлд энэ жил МУБИС-ийн оюутан Л.Хонгорзул “Замын хязгаарлалтаас болж Жаргалантын шар төмс хаягдахад хүрэв” сурвалжлагаар нэгдүгээр байрын шагналыг , МУИС-ийн оюутан Г.Мичидмаа “Улсын төсвийг усанд автуулсан барилга” нийтлэлээр хоёрдугаар байрт, МУИС-ийн оюутан М.Дэвээжаргалын “Биднийг битгий азгүй хүмүүс болгооч” нийтлэл гуравдугаар байрт шалгарлаа.
Монголын Манлайлагчдын Санаачилгыг Дэмжих Төвөөс зарласан төсөлд ХИС-ийн 2-р ангийн оюутнуудын “Сэтгэл зүйн амиа хорлолт” цуврал нийгмийн реклам бүтээх төсөл шалгарч таван сая төгрөгийн санхүүжилтийг авахаар болов. Энэ жил таван төслийн санал ирүүлсэн бөгөөд шаардлага хангах бүтээл цөөн байсан учир нэг төслийг санхүүжүүлэхээр болсон юм.
Мөн энэ жил “Алтан үзэг” наадам видео болон мультимедиа төрлөөсөө “Үзэгчдийн таашаалд нийцсэн бүтээл”-ийг тодруулж байхаар болсон юм. Энэ жилийн шагналыг телевизийн нэвтрүүлгийн гуравдугаар байрын шагналыг авсан МУИС-ийн оюутан М.Пүрэвдорж, У.Элбэгзаяа нарын “Love is love” бүтээл энэхүү шагналыг хүртсэн юм. 36 мянган хүн үзсэн энэ бүтээлийг ХИС-ийн Сэтгүүлчийн ангийн 2007 оны төгсөгчид мөнгөн шагналаар урамшуулсан юм.
Наадмын шүүгчдээр “Улаан бал” нэвтрүүлгийн сэтгүүлч, хөтлөгч Ч.Лодойсамбуу, МҮОНРТВ-ийн Нэвтрүүлгийн хэлтэсийн дарга Д.Бат-Орших, “Unlimited media” групын дэд захирал Ж.Хулан, www.eguur.mn сайтын ерөнхий эрхлэгч Ж.Мядагбадам, MCS компаний “М” төслийн маркетер, “Kreativecharisma” дижитал контентийн куратор Т.Билгүүн нар ажилласан байна. Шүүгчид уралдаанд ирүүлсэн нийт бүтээлүүдийг агуулга, хийц болон зохиогчийн хөдөлмөр гаргасан байдал, ур чадварыг харгалзан байр эзлүүлжээ.
Монголын нөлөө бүхий хамгийн олон уншигчтай “Өдрийн сонин”-ы хамт олон “Алтан үзэг” наадам зохиогдож эхэлсэн 2010 оноос хойш өдийг хүртэл хамтран ажиллаж, шилдэг бүтээлийн эздэд тус сонинуудын нэрэмжит шагнал олгохын зэрэгцээ тухайн сонины редакцад ажиллах тусгай эрхээр шагнадаг байна.
ХИС-ийн захиргаа
2021.12.16