БОЛОВСРОЛЫН УДИРДЛАГЫН МАГИСТР ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ
Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сургалт явуулж буй магистр докторын хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх үүднээс тухайн хөтөлбөрүүдийн хэрэгжүүлэх хамгаалуулах зөвлөлийн дарга, эрдэмтэн нарийн бичиг, судлаач багш нартайгаа ярилцсан цуврал дугааруудыг нийтлэл болгон та бүхэндээ хүргэж байна.
Энэ удаагийн дугаараараа Англи хэлний тэнхимийн дэд профессор, Боловсролын удирдлагын магистр, докторын хөтөлбөр хэрэгжүүлэх, хамгаалуулах ажлыг зохион байгуулах зөвлөлийн гишүүн, доктор (Ph.D.) Н.Оюунцэцэг багштай ярилцлаа. Багш маань боловсрол судлал, гадаад хэл заах арга зүй, хөтөлбөр судлалын чиглэлээр судалгаа хийн боловсролын салбарт 19 дэх жилдээ ажиллаж байна.
Сайн байна уу, багш аа, бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Боловсролын удирдлагын тухай товч мэдээллээр ярилцлагаа эхэлье.
Боловсролын удирдлага юуг судалдаг вэ? Боловсрол судлалаас ямар ялгаатай вэ?
Сайн байна уу, та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй их дээд сургуулиуд боловсролын удирдлага болон боловсрол судлал чиглэлээр ахисан түвшний магистр докторын сургалт явуулдаг. Боловсрол судлал нь заах арга зүй буюу багшлах үйл ажиллагаатай холбоотой чиглэлийг судалдаг бол боловсролын удирдлага нь боловсрол олгож буй үйл ажиллагааны удирдлага зохион байгуулалт ,бодлогыг хэрэгжүүлэх, сургалтын чанарыг дээшлүүлэх зэрэг өргөн хүрээнд судалдгаараа ялгаатай. Манай сургуулийн хувьд боловсролын удирдлага болон боловсрол судлалын чиглэлээр магистрантурт суралцах боломжтой.
Боловсролын чиглэлээр сонирхон судалдаг өөр мэргэжлийн хүмүүс уг хөтөлбөрт элсэн суралцах боломжтой юу? Боловсролын удирдлага гэхээр уг салбарт ажилладаг багш судлаач нар л суралцдаг гэсэн ойлголт нийтлэг байдаг?
Хэдийгээр хөтөлбөрт элсэн суралцагчдийн дийлэнх нь боловсролын салбарынх байдаг ч үүгээр хязгаарлах бас боломжгүй юм. Боловсрол нь салбар дамнасан, шинжлэх ухааны бусад олон салбартай уялдан хөгжих бүрэн боломжтой онцлог салбар учраас цаашид уг салбарт үйл ажиллагаа явуулах гэж байгаа эсвэл энэ чиглэлийн карьер төлөвлөлттэй аль ч мэргэжлийн хүн уг хөтөлбөрт суралцах боломжтой.
Боловсролын салбар нь шинжлэх ухааны ямар салбаруудтай уялдаатай хөгжиж байна вэ? Салбарт хийгдэж байгаа судалгаануудын үр дүн нийгэмд хэрхэн нөлөөлдөг бол?
Бид бүгд боловсролын байгууллагаар дамжин мэдлэг боловсрол эзэмшдэг. Тиймээс боловсролоос ангид хүн байдаггүй гэж хэлж болох юм. Чанартай боловсрол сайн мэргэжилтэнг бэлтгэнэ, сайн мэргэжилтэн ажил үүргээ сайн гүйцэтгэснээрээ нийгэмдээ тодорхой хувь нэмрийг оруулж үр дүнд нь улс орон хөгжинө.
Мэдлэгт суурилсан эдийн засаг гэдэг нь чадвартай сайн мэргэжилтэн, боловсон хүчин дээрээ суурилж байж эдийн засаг хөжих тухай ойлголт юм. Тийм ч учраас боловсрол нь бүх шинжлэх ухааны суурь байх боломжтой салбар. Энэ утгаараа боловсролын салбарын чанарыг сайжруулах хүртээмжийг дээшлүүлэх олон төрлийн судалгаа хийгдэж байгаа бөгөөд судалгаа бүрийн үр дүн нийгэмд нөлөөтэй байдаг. Тухайлбал, миний хувьд докторын судалгаагаа “Мэргэжлийн англи хэлний хөтөлбөрийн инноваци” гэсэн сэдвээр хийсэн. Уг судалгааг хийх болсон үндэс нь англи хэл сурах хэрэгцээ хүн бүрт байдаг ч хүн бүр мэргэжлийн орчуулагч болох шаардлагагүй, зарим нь харилцааны түвшинд, ажил мэргэжилдээ шаардлагатай байгаа англи хэлийг сурах хэрэгцээтэй байдаг. Тэгвэл тэрхүү хэрэгцээ шаардлагад нийцсэн, хамгийн богино хугацаанд өндөр үр дүнтэй сургалт явуулахад ямар хөтөлбөр тохиромжтой вэ гэдгийг судалсан. Энэ судалгааны үр дүн нь тухайн богино хугацааны сургалт явуулж буй байгууллагууд өөрсдийн хөтөлбөрийг боловсруулахад ашиглах боломжыг олгох, нөгөө талаас англи хэлийг хүссэн түвшиндээ эзэмших хэрэглэгчийн хэрэгцээнд нийцэж байгаа юм. Үүний үр дүнд ажлын байран дээрх гүйцэтгэл сайжирч бүтээмж нь нэмэгдэнэ. Энэ мэт хэн нэг хүний хийж байгаа судалгаа болгон нийгэмдээ өргөн хүрээнд нөлөөлж үр дүнгээ өгч байдаг.
ХИС-ийн боловсролын удирдлагын магистр хөтөлбөр ямар онцлог, давуу талтай вэ? Суралцагчдын хувьд ямар чиглэлээр илүү судалгаа хийдэг бол, судалгааны зарим сонирхолтой үр дүнгээс хуваалцвал?
Хөтөлбөрийн тухайд салбар дамнасан судалгааны чиглэлийг баримталдаг бөгөөд хичээл орж буй багш профессорууд энэ чиглэл рүү нь илүү чиглүүлэх, олон улсын чиг хандлагыг таниулахад анхаарч лекц хичээлүүдээ ордог.
Сүүлийн үед хөтөлбөрийн удирдлага гэсэн нэр томьёо боловсролын удирдлагын ирээдүйн чиг хандлагад орж ирж байгаа. Энэ агуулга мөн манай сургалтын хөтөлбөрт орсон байдаг. Нөгөөтэйгүүр хөтөлбөр маань дотроо дээд боловсролын удирдлага болон ерөнхий боловсролын сургуулийн удирдлага менежментийн чиглэлээр нарийвчилж судлах боломжтой байдаг онцлогтой. Боловсролын удирдлага гэдгийг зөвхөн удирдан чиглүүлэх гэсэн шууд утгаар нь бас ойлгож болохгүй бөгөөд энэ нь дотроо хөтөлбөрийн удирдлага зохион байгуулалт, боловсон хүчин багш нарыг мэргэшүүлэх, хөтөлбөрийн оролцогч талууд болох ажил олгогч, суралцагчид, эцэг эхчүүд гээд олон талыг багтаасан цогц өргөн хүрээний үйл ажиллагаа юм. Хөтөлбөрөөр дамжуулан эдгээр олон талт үйл ажиллагааг нэгтгэж зөв менежмент хийх чадварыг эзэмшүүлнэ.
Профессор багш нарын зүгээс суралцагчийн ажлын байранд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх судалгааг чиглүүлэн дэмжихээс гадна орчин үеийн салбар хоорондын шинэлэг судалгааны чиглэлүүдийг санал болгож, дэмжин хамтран ажилладаг байгаа. Энэ нь төгсөгч хийсэн судалгаагаа бодит амьдрал дээр хэрэгжүүлэх, турших боломжыг олгодог.
Суралцагчдынхаа хийсэн зарим судалгаанаас жишээ болгон товч дурдвал:
- ЕБС-ийн цөм хөтөлбөрийг америкийн сургалтын хөтөлбөртэй харьцуулан 6-7 дугаар ангийн сурагчдын жишээн дээр судлаж үр дүнтэй хэрэгжих арга замыг тодорхойлсон судалгаа
- Багшийн мэргэжлийн хөгжлийг хангах арга зам буюу багш нарыг судалгаа шинжилгээний ажилд баг болгон оролцуулах нь үр дүнтэй болохыг судласан судалгаа
- Уламжлалт анагаах ухаанаар суралаж буй оюутнуудад мэргэжлийн хятад хэлийг үр дүнтэй заах арга зүйн судалгааг хийж гарын авлага боловсруулан хэрэглээнд оруулсан
зэрэг олон судалгааны ажлуудыг дурьдаж болно. Багш хүний хувьд шавь нарын маань хийсэн судалгаанууд үр дүнгээ өгөөд бодит амьдрал дээр хэрэгжиж байгааг харах маш сайхан байдаг.
Боловсролын удирдлагын хөтөлбөрт элсэн суралцахаар төлөвлөж буй залууст хандан та ямар зөвлөгөө өгөх вэ?
Бакалаврийн түвшинд элсэн суралцахаар эсвэл ахисан түвшинд суралцан боловсролоо дээшлүүлэхээр төлөвлөж байгаа залуусийн хувьд хамгийн эхлээд тухайн сургуулийн санал болгож буй хөтөлбөрийг судлаарай гэж зөвлөмөөр байна. Таны хүсч буй мэдлэг ур чадварыг олгох чадамжтай эсэхийг сургалтын хөтөлбөрөөс нь харах боломжтой байдаг. Ижил төрлийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа олон сургуулиуд байгаа, тэдгээр дотроос миний хувьд энэ хөтөлбөрт элсэн орсноор ийм ур чадвар мэдлэгийг эзэмших юм байна, ажлын байран дээр гараад энэ нь надад давуу тал болох боломжтой юм байна гэх зэргээр өөрийн байр сууринаас, хөтөлбөрүүдийг харьцуулан маш няхуур сайн судлаж байж сонголтоо хийгээрэй гэж хэлмээр байна. Та бүхэнд амжилт хүсье.