Олон улсын харилцааны “Залгамж элч” төгсөгчдийн холбооны нэрэмжит тэтгэлэгийн эзэн тодорлоо
ХИС-ийн ОУХ-ны “Залгамж элч” төгсөгчдийн холбоо 2020-2021 оны хичээлийн жилээс эхлэн өөрийн нэрэмжит оюутны тэтгэлгийг зарласан билээ. Тус тэтгэлгийн гол зорилго нь ОУХ-ны хөтөлбөрөөр бакалаврын түвшинд суралцаж буй сурлага болон нийгмийн идэвхээр хамт олноо манлайлагч, эерэг хандлагатай, мэргэжлээрээ сурах чин хүсэл эрмэлзэлтэй оюутныг дэмжих, тэдний хичээл зүтгэлийг урамшуулах, нийт суралцагч оюутнуудын идэвхийг нэмэгдүүлэхэд орших юм.
Тэтгэлэгт ОУХ-ны III, IV түвшний оюутнууд хамрагдах боломжтой бөгөөд сонгон шалгаруулалт нь материалын шалгаруулалт, ярилцлага гэсэн 2 үе шаттай явагдсан юм. Энэхүү тэтгэлэгийн анхны эзнээр ОУХ-ны III түвшний оюутан, “Алтан гэрэгэ” клубын нарийн бичиг Б.Мишээл шалгарсан байна.
2020 оны 11 сарын 7-ны өдөр болсон ОУХ-ны “Алтан гэрэгэ” клубээс зохион байгуулсан “Босоо хүлээн авалт”-ын арга хэмжээний үеэр Төгсөгчдийн холбооны тэргүүн Б.Батчимэг болон Төгсөгчдийн холбооны төлөөлөл А.Ганхэт, Л.Ганхөлөг, А.Энхмэнд, Б.Ариунсувд нар тэтгэлэгт оюутнаар шалгарсан Б.Мишээлд батламж, нэг сая төгрөгийн эрхийн бичгийг гардуулан өглөө.
ОУХНС-ын тэнхимийн зүгээс, тэтгэлэгт оюутнаар шалгарсан Б.Мишээлд цаашдын эрдмийн үйл хэрэгт нь амжилт хүсэхийн ялдамд, “Залгамж элч” төгсөгчдийн холбооны нийт гишүүдэд, оюутан дүү нартаа улам их эрч хүчтэй суралцахад нь урам зориг өгч, өөрсдийн нэрэмжит тэтгэлэгийг санаачлан, амжилттай зохион байгуулж буйд нь талархал илэрхийлье.
ХИС-ийн Олон улсын харилцаа,
нийгэм судлалын тэнхим
2020.11.09