Солонгос яруу найрагч Ли Юүшигийн тэтгэлэгийг гардууллаа
Канадад амьдардаг солонгос яруу найрагч Ли Юүшиг Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Хэл, соёлын сургуулийн оюутан Г.Насантогтох, Б.Елик нарт тус бүр 1000CAD доллар (Хоёр сая төгрөг)-ын тэтгэлэг олгохоор шийдвэрлэжээ. Тэтгэлгийн батламжийг яруу найрагч Ли Юү Шигийг төлөөлөн Хэл, соёлын сургуулийн захирал П.Батринчин, Гадаад хэлний тэнхимийн эрхлэгч Б.Жавхлантөгс нар гардууллаа.
Яруу найрагч Ли Юүшиг тэтгэлэг авсан хоёр оюутанд баярын мэндчилгээ илгээж, баяр хүргэнгээ Солонгос, Монгол орны найрамдлыг бэхжүүлж, хоёр орны хооронд соёлын гүүр болж ажиллаж амьдрахыг хүсэн ерөөлөө.
Дамшрамд дурдахад Ли Юүшиг яруу найрагч 1941онд БНСУ-ын Кёнбүг мужид төрж өссөн бөгөөд Инха их сургууль, Хуниг их сургуульд багшилж байгаад 1974 онд Канадад докторантурт суралцахаар очсон ч төлбөрөө төлж суралцаж чадахгүй байсан тул сургуулиа орхин, хоосон шил цуглуулж тушаан бизнесийн гараагаа эхэлж, одоо үл хөдлөх хөрөнгийн салбарт амжилттай ажиллаж яваа бизнесмен, яруу найрагч юм. Тэрээ өөрийн сурч дүүргэж чадаагүй докторын зэрэгтээ харамсахын сацуу сурах хүсэл мөрөөдлөөр дүүрэн оюутнуудад дахин ийм зүйл бүү тохиолдоосой хэмээн хүсч, монгол оюутнуудад тэтгэлэг олгохоор шийдсэн ажээ.
Уг тэтгэлгийг жил бүр Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Хэл, соёлын сургуулийн Солонгос хэлний ангийн оюутанд олгох юм.