ХИС ОЮУТНЫ КЛУБУУД: АЛТАН ГЭРЭГЭ
Манай сургуулийн оюутнууд суралцаж буй мэргэжлийнхээ дагуу тухайн тэнхимийн харьяа клубт гишүүнээр элсэх болон өөрийн сонирхлоор сайн дурын үйл ажиллагаатай клубуудэд хамрагдаж, найз нөхөдтэй болж, бие биенээсээ суралцаж, хөгжиж олон олон дурсамжуудыг хамтдаа бүтээж байдаг. Бид нийтлэлээрээ дамжуулан эдгээр клубууд маань хэрхэн хамтран ажиллаж оюутан залууст чиглэсэн ямар онцлогтой үйл ажиллагаа явуулдаг талаар та бүхэнд цувралаар хүргэх болно.
Энэ удаагийн дугаартаа бид, олон улсын харилцаа хөтөлбөрөөр суралцагч оюутнуудын “Алтан гэрэгэ” клубыг танилцуулж байна.
“Алтан гэрэгэ” клуб нь 2007 оны 03 сарын 28-ны өдөр, тухайн үеийн тэнхимийн эрхлэгч багш П.Мягмардорж болон хөтөлбөрийн оюутнуудын санаачилгаар анх үүсгэн байгуулагджээ. Тэр үеэс хойш өнөөдрийг хүртэл клуб маань тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсаар, жил бүр шинэхэн гишүүдээ хүлээн авч, төгсөгчдөө үдсээр өдгөө 15 жилийнхээ ойтой золгоод байна.
Клуб нь тэргүүн, нарийн бичиг, төлөөлөгчид гэсэн бүтэцтэйгаар ажилладаг бөгөөд байнгын төлөөлөгч 30 гишүүн байдаг. Харин ОУХ-аар суралцаж буй нийт оюутан залуусыг гишүүд хэмээн онцолдог аж. Долоо хоног бүрийн лхагва гараг бол тэдний хамтдаа шийдэл болон асуудлаа хэлэлцдэг хурлын өдөр.
Хурал бүх төлөөлөгчдийн хичээл дууссаны дараа эхлэх бөгөөд албан хурлаар эхлэж, чөлөөт хурлаар өндөрлөдөг. Гишүүд бүгд албаны хувцастай, клубын лого бүхий энгэрийн тэмдэгтэй хуралдаа ирнэ. Клубын тэргүүн хурлыг удирдах бөгөөд тухайн өдрийн хэлэлцэх асуудлыг танилцуулан хурлаа эхлүүлнэ. Хурлын уур амьсгал бүхэлдээ албан хурлын дэг жаягаар явагдах бөгөөд хоорондоо хүндэтгэлтэй харилцаж, ээлж дараалан санал бодлоо илэрхийлнэ. Энэ нь оюутнуудын хувьд ирээдүйн ажил мэргэжлийнхээ онцлогийг ойлгох, мэдрэх нэг төрлийн практик дадлага болдог хэмээн клубын гишүүд ярьж байлаа.
Клубын 15 жилийн ойн баяр 03 сарын 26-ны өдөр ёслол төгөлдөр болж өнгөрсөн. Дашрамд дуулгахад жил бүр ОУХ-ны Залгамж Элч Төгсөгчдийн Холбооны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр зарлагддаг. Тус тэтгэлэг нь олон улсын харилцааны мэргэжлээр суралцаж буй оюутнуудаас эерэг хандлагатай, суралцах чин хүсэл эрмэлзэлтэй, тэргүүний оюутнуудыг дэмжих, тэдний хичээл зүтгэлийг урамшуулах, бусдад үлгэр дууриалал болгох, нийт оюутнуудын идэвхийг нэмэгдүүлэх нэн түрүүний зорилготой билээ. Энэ жил нийт 12 оюутан өрсөлдсөн ба сурлага хөдөлмөр, нийгмийн идэвхи, хичээл зүтгэлээрээ ОУХ хөтөлбөрийн хоёрдугаар түвшний оюутан С.Мөнхгэрэл бусдыгаа тэргүүлэн тэтгэлгийн эзнээр тодорч, баяр дээр баяр нэмсэн үйл явдал боллоо.
Ийнхүү клуб нь олон улсын харилцаа мэргэжлээр суралцаж буй оюутнуудаа мэргэжилтэй нь илүү ойр байлгах зорилготой босоо хүлээн авалтын арга хэмжээ, дипломатч, гадаад харилцааны ажилтан хүний эзэмших ур чадварыг олгох олон талт үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж, оюутнууд хоорондоо нэгдэн хамтдаа хөгжих боломжыг бий болгож байна.
Та бүхэн клубын https://www.facebook.com/AltanGeregeClub пэйж хуудсаар зочилж цаашид зохиогдох шинэлэг сонирхолтой арга хэмжээнүүдтэй танилцан, илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Дараагийн шинэ нийтлэлээр дахин нэгэн клубын үйл ажиллагаатай хамтдаа танилцах болно.