Хүүхдүүд яагаад гадаадад суралцах сонирхолтой болсон бэ?
Орчин үед дээд боловсролыг гадаад улсад эзэмших хандлага нийтлэг болж, сонгон суралцах, боломж, тэтгэлгүүд ч өргөн сонголттой болсон. Залуучууд гадаадад боловсрол эзэмшихийг хүсдэг болсон нь нэг талаараа технологийн хурдацтай хөгжлийн ачаар олон орны хэл сурах боломжууд бий болж, сурсан хэлээрээ дамжуулан тухайн орныхоо соёл, зан заншлыг ойлгож, орчинд нь очиж мэдрэх хүсэл эрмэлзэлтэй холбоотой.
Гадаад улсад боловсрол эзэмшиж буй оюутнуудын албан бус тоо 2017 оны тоон мэдээллээр 60 мянга гаруй хүрээд байсан нь өнгөрсөн арван жилийн үзүүлэлттэй харьцуулахад хэд дахин давсан үзүүлэлт юм. Тэр дундаа Азийн орнуудыг ихэвчлэн зорих болсныг Олон Улсын боловсролын салбарын зах зээлийн судалгаа хийдэг ICEF Monitor байгууллагаас өнгөрсөн оны төгсгөлд тодорхойлж байв. Улс орны эдийн засгийн урт хугацааны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд дээд боловсролд хөрөнгө оруулалт хийх нь нэн чухал болохыг манай улс ч онцолсон байдаг.
“Шинэ” үеийн залуус интернет, виртуал ертөнцөөр дамжуулан дэлхийн бүх улс орны мэдээлэл, соёл, дуу хөгжмийг харж, сонсож өсч байгаа нь тэдэнд хамгийн их нөлөөлж байгаа гэхэд хилсдэхгүй. Сошиал ертөнцөөр ч залуус өөрсдийн гадаадад зорчсон тэмдэглэл, аялал, суралцсан түүхээ идэвхтэй, нээлттэй хуваалцдаг болсноор залуу хүн бүр дотроо гадаадад суралцах хүсэлтэй болсон.
Техник, технологиор дамжуулан залуу үеийнхний хэрэглэж байгаа программ, платформ, үзэж харах сонирхол нь глобалчлагдан дэлхий даяар ижил болж байгааг бид өдөр тутам харж байна.
Жишээлбэл: Технологийг эзэмшихээр төрсөн “GenZ” үеийнхэн (18-24 насны залуу үе) Монголын сошиал платформ хэрэглэгчдийн хамгийн их хувийн хэрэглэгчдийг бүрдүүлж байна. 2020 оны 1 сарын байдлаар 18-24 насныхан
- Фэйсбүүкт 25,5%
- Инстаграм 44,1%-ийг дангаараа бүрдүүлж, Снапчат, Тик Ток платформуудыг дэлхийн залуустай ижил түвшинд ашиглаж, үе тэнгийнхэндээ үлгэр дууриалал үзүүлж, нөлөөлж байгаа аж.(Эх сурвалж: www.napeleoncat.com)
Гадаад улсад суралцсанаар тэд:
- Дэлхийд зөвшөөрөгдсөн боловсрол эзэмших төдийгүй
- Хувь хүнийхээ хувьд өсөж дэвжих
- Харах өнцгөө өөрчлөх
- Үзэл бодлоо тэлэх өргөнөөр сэтгэх боломж гэж харж болно.
Мөн түүнчлэн шинэ ертөнц, шинэ соёлыг өөртөө нээнэ. Гадаад хэлийг орчинд нь сурч эзэмших, эзэмшсэн хэлээ ашиглан нийгмийн харилцаанд орж, олон орны найзуудтай болно. Ингэснээр олон орны соёл, харилцаанаас үлгэр дууриалал авах боломжтой. Хувь хүнийхээ хувьд илүү чөлөөтэй, биеэ даасан, санхүүгээ зохицуулж сурч төлөвшдөг зэрэг тоочвол давуу тал, шалтгаан их.
Гэвч гадаад улсад суралцаж л байвал гэсэн ойлголт өсвөр насныхны дунд ч илүүтэй тархсан нь ажиглагддаг. Гадаадад суралцах олон давуу талыг тоочиход таатай ч юм бүхэн хоёр талтайн дээр гаргах золиос, сул талууд ч цөөнгүй. Жишээлбэл: гадаад орон гэхээр юм бүхэн нь сайн сайхан, амар хялбар байхгүй. Өөрөө өөртөө санаа тавих хэрэгтэй болно. Эхэн үедээ хэлний бэрхшээл, тухайн суралцах орны соёлын ялгаа, сэтгэл зүйн бэлтгэл, эдийн засгийн чадамж зэрэг цагийн менежментээс гадна хувь хүний зохион байгуулалт хэрэгтэй болно.
Эдгээр сул талуудад сэтгэл зүйгээ бүрэн бэлдээгүйгээс гадаад улсыг зорьсон бүхэн зорилгоо биелүүлж чаддаггүй нь харамсалтай. Сэтгэл зүйн бэлтгэлгүйгээсээ болоод сургуулиасаа завсардах, хаях, хар ажил хийж цаг хугацаа алдах тохиолдлууд эргэн тойронд ч нийтлэг ажиглагддаг. Тиймээс таны хүүхдийн сэтгэл зүйн болоод хувь хүний бэлтгэл бүрэн хангагдсан талаар ярилцаж, шийдэлд хүрэхэд туслаарай. Эсрэгээрээ гадаадад сурч төгсөхөөрөө сайн сайхан амьдрал хүлээж байдаг гэсэн нийгмийн буруу итгэл үнэмшлийг тайлбарлаж өгөхөд ч илүүдэхгүй. Гадаадад сурахын давуу тал нь биеэ дааж сурах, зохион байгуулах, өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх гэх мэт хувь хүний хөгжих зан чанарууд дээшилдэг ч сул талын хувьд залуусын гэр бүл төлөвлөлт оройтож, гадаадад төгсч ирээд Монголдоо хүлээн зөвшөөрөгдөх туршлага хуримтлуулж, нэг үгээр Монголын нийгэм, эдийн засгийн “хөрсөнд буухад” хугацаа шаардагдах асуудлууд гардаг.
Холбоотой нийтлэл: Хүүхэд дургүй мэргэжлээрээ суралцвал ямар сөрөг үр дагавар гаргадаг вэ?
Гадаадад сурсан ч амьдралын сорилт, бэрхшээл бүхэн чамайг тойрохгүй, харин ч тэр бүхнийг эцэг эх, хэн нэгний дэмжлэггүйгээр өөрөө даван туулах хэрэгтэй болно. Энэ бүхэнд таны хүүхэд бэлэн үү, зорилгоо тодорхойлж, ямар төлөвлөгөөтэй байгааг нь сонсоорой. Магадгүй даваад эцсийг нь үзсэн цагт чиний хүсч байгаа сайн сайхан амьдрал хүлээж байж болох ч амьдралд суралцаад дуусах үе гэж байхгүй, хэзээд шинэ бүхэнд өөрийгөө сорьж суралцсаар байх хэрэгтэй зэрэг амьдралд хөл тавьж байгаа хүүхдэдээ бүхнийг бодитоор харж, үнэлэлт дүгнэлт, сонголтыг өөрөө хийх боломж олгоно гэсэн үг юм. Энэ бүхэн сэтгэл зүйг чинь бэлдэж байгаа болохоос хориглож байгаа зүйлс огт биш, хэн хаана хүрэхийг хэн ч хэлж мэдэхгүй гэдгийг хэлж ойлгуулах нь зөв юм.
Манай оронд дэлхийд хүлээн зөвшөөрөгдөхүйц сургалтууд нэвтэрч, заавал гадаадад сурч их мөнгө зарлагадаж, золиос гаргалгүйгээр чадварлаг боловсон хүчин болж бэлтгэгдэх боломж өргөн болсон цаг. Дижитал технологийн эрин үед гэртээ онлайнаар дэлхийн боловсролыг эзэмших боломжууд ч цөөнгүй болсон. Мөн нөгөө талаараа гадаадад суралцах нь олон давуу талтайгаас гадна сул тал байдгийг ойлгуулахыг зорилоо.
Tag:оюутан