“ЭРДМИЙН ЧУУЛГАН-40” Эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
Хүмүүнлэгийн ухааны их сургууль (ХИС) -ийн 40 жилийн ойг угтан их, дээд сургуулийн эрдэмтэд, багш, судлаачдын дунд зохион байгуулсан “Эрдмийн чуулган-40” эрдэм шинжилгээний бага хурал 2019 оны 4-р сарын 22-ны өдөр амжилттай болж өнгөрлөө. Тус хуралд хэл шинжлэл, орчуулга судлал, соёл судлал болон боловсрол судлалын чиглэлээр 30 орчим илтгэл хэлэлцүүлж, эрдэмтэн судлаачид судалгааны ажлынхаа хүрээнд санал, солилцож туршлага судаллаа.
Хэл шинжлэл, орчуулга судлал, соёл судлалын салбар хуралдааны тэргүүн байранд ХИС-ийн Хэл, соёлын сургуулийн багш С. Хүрэлням ”Англи хэлний ‘s болон of-ийн хамаатуулах утга болон хэрэглээний ялгаа”, дэд байранд ХИС-ийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн багш Т.Одончимэг “Когнитив үйл явц дахь хэл ярианы ач холбогдол”, гуравдугаар байранд ХИС-ийн Хэл, соёлын сургуулийн багш Б. Оюунчимэг “Хятад хэлний баймж үйл үгийн тухайд” илтгэлээр тус тус шалгарлаа.
Боловсрол судлалын салбар хуралдааны тэргүүн байранд ХИС-ийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн багш Ж. Оюунсүрэн “Оюутны сурлагын амжилтад нөлөөлөх сэтгэл зүйн зарим асуудал”, дэд байранд ХИС-ийн Бизнесийн сургуулийн багш Б. Галбадрах, Г. Зэс-Эрдэнэ нар “Оюутны сурлагын амжилтад нөлөөлөх зарим хүчин зүйлс”, гуравдугаар байранд ХИС-ийн Бизнесийн сургуулийн багш Л. Бямбасүрэн “Дээд боловсролын салбарын өргөжилтийн үр өгөөж” сэдэвт илтгэлээр тус тус шалгарав. Эрдэм шинжилгээний хурлын шилдэг илтгэлүүдийг гэрчилгээ, мөнгөн шагналаар урамшуулсан юм.
Эрдэм шинжилгээний хуралд оролцсон бүх эрдэмтэн, багш, судлаач та бүхний цаашдын судалгааны ажилд амжилт хүсье.